Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар

Жалханз хутагт Дамдинбазар нь 15-р жарны модон эр нохой жилийн зуны эхэн сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загдсамбар нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн. 3 настайдаа Жалханз хутагтын 8-р дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Хутагт 3 үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу манжийн хааны үед баруун хязгаарыг хариуцсан Түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар ажиллаж Манжийн амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах ,Ховд хотыг чөлөөлөх , Тагна урианхай Алтайн чанад дахь нутгийн эрх баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын газар баруун хязгаарын харийн дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард олныг тохинуулах зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханз хутагт Дамдинбазар нь 1922-1923 онд МУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан төр шашины томоохон зүтгэлтэн байлаа. 1923 онд таалал төгссөн.