МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЖИГЖИДСҮРЭНГИЙН АЛТАНГЭРЭЛ

1941 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 2001-01-26-нд Завхан аймгийн Улиастай сумын III сургуулийн захирал байхдаа Монгол Улсын Гавъяат багш цол хүртсэн. Ж.Алтангэрэл багш 1964 онд УБДС-ийг хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсч 1965 оноос эхлэн Завхан аймгийн сургуулиудад багш, захирал, хичээлийн эрхлэгчээр тасралтгүй дөч гаран жил ажилласан. Улиастай сумын III сургуулийн сурлагын амжилт 1996-2000 онд 95-100 хувь, сурлагын чанар 40.4-59.7 хувьд хүрч, 10 дугаар анги төгсөгчдийн 49.6-69.6 хувь нь их, дээд сургуульд элссэн байна. Шавь төвтэй сургалтын үзэл санааг хэрэгжүүлэх “Данида” төслийг аймагтаа анх түрүүн авч хэрэгжүүлэн аймгийнхаа бүх сургуулийн багш нарын үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Уг төслөөр англи хэл, компьютерийн иж бүрэн кабинет, монгол хэл, монгол бичиг, уран зохиолын кабинет, I-IV ангийн музейн кабинет, хэвлэлийн жижиг цех байгуулан ашигласан. Ж.Алтангэрэл багш Аймгийн Утга зохиолын дугуйлан-нэгдлийг олон жил удирдаж нэртэй сайн зохиолчид төрүүлсний дээр өөрөө яруу найргийн хэд хэдэн ном хэвлүүлсэн зохиолч яруу найрагч.