ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОРНОЙН ДОРЖСАМБУУ

1943 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт Бага дөрвөлжин гэдэг газар айлын ууган хүү болон төрсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сум нэгдлийн “Таван-Эрдэнэ” ХК-ийн захирал байхдаа 1993-07-08-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1953 онд Сантмаргаз сумын бага сургууль, 1960 онд Цэцэн-Уул сумын дунд сургууль, 1969 онд ХААДС-ийг зоотехникч мэргэжлээр төгсөж Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул суманд малын эмч, Завхан аймгийн ХАА-н газар хэлтсийн дарга, Цэцэн-Уул, Дөрвөлжин суманд сум нэгдлийн даргаар 25 жил ажилласан. Ялангуяа Дөрвөлжин сум нэгдлийн дарга байхдаа “Буурал” омгийн ямааг үржүүлж, 160-аад га талбайг хашиж услан ургацыг нэмэгдүүлэн хамгаалж, 130-аад мянган га бэлчээрийг зөвхөн мал төллүүлэх үед ашиглахаар нөөцөлж бэлчээрийн менежментийг сайжруулан малчдын хэрэгцээт хадлан өвсний 70-аад хувийг авдаг болсноор төлийн хорогдлыг эрс багасгаж, хариуцсан нэгдлээ Улсын тэргүүний нэгдлийн нэг болгосон бол зах зээлийн гарааны үед хоршоогоо “Говь” компанитай түншлүүлж ноолуур нийлүүлж ашиг орлого сайтай аж ахуй болгон сумандаа ноос угаах, эсгий хийх хоёр үйлдвэрийг байгуулан ажиллуулсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа, мөн 1990 онд анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Улс орондоо зүтгэсэн Б.Доржсамбуу баатарын хөдөлмөр гавъяаг төрөөс үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, бусад төрийн хүндэт медалиудаар шагнасан.