ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ядамжавын ДАШПУНЦАГ

1932 оны 4 сарын 25-нд Завхан аймгийн Их-Уул сумын Ар тасархай гэдэг газар төрсөн, Завхан аймгийн Их-Уул сум нэгдлийн дарга байхдаа 1989-11-11-нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Я.Дашпунцаг баатар багадаа Зартын бага сургуульд суралцаж улмаар Намын дээд сургуульд орж суралцан нягтлан бодогч мэргэжлээр төгсч нутагтаа ирээд 1953-1958 онд Их-Уул сум нэгдлийн тоо бүртгэгч, Их-Уул сум нэгдлийн гүйцэтгэх захиргааны орлогч, нарийн бичгийн дарга,1959-1962 онд Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогч,1963-1965 онд Их-Уул сумын Монгол Ардын Хувьсгалт Намын үүрийн дарга,1965-1966 онд Их-Уул сум нэгдлийн дарга,1970-1972 онд Тосонцэнгэл хотын намын хорооны нарийн бичгийн дарга,1972-1974 онд Тэс сумын нэгдлийн дарга,1974-1981 онд Нөмрөг сум нэгдлийн дарга,1981-1990 онд Их-Уул сум нэгдлийн даргаар амжилттай сайн ажиллажээ. Ялангуяа 1981 оноос Их-Уул сум нэгдлийн даргаар ажиллахдаа нэгдлийнхээ орлогын гол эх үүсвэр болсон үхэр сүргийн таваарлаг чанарыг сайжруулж, бүтээгдэхүүнийх нь хэмжээ, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарснаар үхэр сүргээсээ жилд саяас дээш төгрөгийн цэвэр ашиг олдог, олон бүтээгдэхүүнээрээ улсын чанарын алтан медальтай хөдөө аж ахуйн нэгдэл болгож чадсан байна. Я.Дашпунцаг баатар Завхан аймгийн 3 нэгдэлийн даргаар 22 жил, аймаг орон нутагт нийтдээ 37 жил удирдах албан тушаал хашихдаа Ардын Их Хурлын депутатаар 1 удаа, Аймгийн депутатаар 5 удаа сонгогдож МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсоны зэрэгцээ Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон /хоёр удаа/, Алтан соёмбо медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Монгол Улсын тэргүүний нэгдэлчин цолоор шагнагдсан.