УРЛАГЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Мондооны НОРСОНЖАВ

1929 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Хөгжмийн зохиолч, дуучин, жүжигчин тэрээр Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын найрал дууны багш байхдаа 1976-08-04-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. 1948-1951 онд цэргийн алба хааж, дараа нь мал маллаж байгаад 1953 онд УХДТ-т дуучнаар орж урлагийн замаа эхэлжээ. Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучин, найрал дууны багш, уран сайхны удирдаачаар ажилласан. УХДТ-ын тайзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Балган, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Гонгор, кино дэлгэцнээ Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” киноны гол баатар Долингорын дүрийг амжилттай бүтээсэн авьяаслаг дуучин, жүжигчин байжээ. “Эх орны өглөө”, “Эхийн сэтгэлээр мялаая” зэрэг магтуу, дан найрал, “Дайчин нөхрийн дуу”, “Гурван Тамирын уянга”, “Харуул Алтай”, “Хилчид”, “Ийм нэгэн сэтгэл”, “Сэрэвгэр хадны зэрэглээ” зэрэг олон арван дуугаараа олны танил болсон хөгжмийн зохиолч байжээ. “Торгуудын магтаал”, “Борооны бололтой үүл” гэхчилэн ардын олон дуугаар найрал дуу хийсэн байна. Зохиолынхоо эмхэтгэл “Гурван Тамирын уянга” номыг Улаанбаатарт хэвлүүлсэн байна. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.