ГАВЬЯАТ ПАНДИЙН АЮУРЗАНА

1936 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газрын оёдолчин байхдаа Монгол Улсын Үйлчилгээний гавъяат ажилтан цол 1987-01-10-ны өдөр хүртсэн. 1953 онд Улаанбаатар хотын оёдлын нэгдүгээр артельд оёдолчноор орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш Баянхонгор аймгийн Өлзийт сум, Завхан аймгийн үйлдвэр хоршооллын артель, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар, Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчноор 40-өөд жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, IV, V таван жилд 18 жил 9 сарын ажил хийсэн, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж ажиллан, олон залуу ажилчныг ажил мэргэжилд нь сурган дадлагажуулж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ахмад ажилчин байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.