ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОНЬЧИН МИЖЭЭХҮҮГИЙН ГАНБОЛД

1907 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, Цэцэн-Уул сумынхаа “Улаан туг” нэгдлийн хоньчин байхдаа 1963-07-03-нд Монгол Улсын хөдөлмөрийн БААТАР цол хүртсэн. Есөн настайгаасаа Даашинхүүгийн пүүсийн хонийг зун, намрын улиралд хариулж, анчин эцгээ дагаж тарвага, гөрөөс агнаж өссөн энэ хүн бусдын ацгаар өртөөний улаа нэхэж, арьс нэхий элдэж, хуц ухна маллаж хөлсөнд нь хонь мал авч малжиж, нутаг усандаа нэртэй малчин болж 1955 онд улсын сайн малчдын IV зөвлөлгөөнд шалгаран оролцож байжээ. 1956 оноос нэгдлийн улсын бэлтгэлд тушаах бог маллаж дунджаар эр шүдлэн хонийг 42-48, эр шүдлэн ямааг 32-38 кг жинтэй тушааж, нэгжээс 350-450 грамм ноолуур, 2,6-3,3 кг урт, ахрын ноос авч өндөр амжилт гаргаж байсан, Сүхбаатарын одон бусад одон медалиудаар шагнагдсан.