МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ БАГШ ДОРЛИГЫН ДАГВА

1916 онд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Түдэвтэй сумын Галуутайн голд Хөх ам гэдэг газар төрсөн. Бага насандаа хошууны зангиар монгол үсэг заалгаж Барчин (Түдэвтэй) сумын туслах бичиг бичээчээр ажиллаж эхэлсэн. Соёлын довтолгооны багш байснаа 1932-1934 онд Улиастайн аж ахуйн сургуулийг дүүргээд 1934-1937 онд Улаанбаатарын багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгсчээ. Мөн ЗХУ-д Багшийн Сургууль дүүргэж, 1930 оноос багшийн ажлыг хийж 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан тул 1968 онд Гавъяат багш, 1975 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан. Д.Дагва багш сургуулиудад ажиллахын дээр “Хоньчин Найдан”, “Гологдсон хүүхэн” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байна. Дагва багш Завхан аймгийн Түдэвтэй, Жавхлант, Цэцэн-Уул, Идэр сум, аймгийн төв Улиастайн дунд сургуулиудад тавиад жил багшлан ажилласнаас 23 жилийг хичээлийн эрхлэгч, захирал болон удирдах ажил хийжээ. Дагва багш Монголын орчин цагийн сурган хүмүүжүүлэх ухааны тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ үр хүүхдийг соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн биеэр үлгэрлэн, үнэтэй хувь нэмрээ оруулсан. Тэрээр бага насандаа ээжийгээ алдаж аав, дүү хоёртойгоо өссөн ч сурч мэдэх, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө өөрийгөө дайчлан монгол бичгээр алдаагүй цэвэр бичиж, уншиж, тооны ухаан, түмэн бодис, урлаг уран сайханд суралцан 10 гаруйхан настай хүү хөдөө нутагт эрдмийн үрийг тарьж байжээ. Өөрөөр хэлбэл хүүхдээ сургуульд өгдөггүй байсан 1930, 1940-өөд оны үед хүүхдийг сургуульд сургахын ач тусыг ард олонд ухуулан сурталчилж байсан алдар гавьяатан юм. МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Дагва сайн зохион байгуулагч төдийгүй зохиолч, яруу найрагч, найруулагч, жүжигчин, хөгжимчин, зураач, барималч гээд олон талын мэдлэг, авьяастай хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч байж.., миний мэдэх л лав дал наяад онд ЭОН 10 жилийн сургуулийн сурагч бидэнд энэ агуу хүнээр үе үе хичээл заалгах завшаан тохиолдож байсан нь санаанаас огт гардаггүй юм.