ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН БУХЫН БАТЖАРГАЛ

 1905 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Хотгойд угсааны Орхид овогт малчин ард Бухын гэр бүлд төрсөн. Бага наснаас өөрийн идэвх зүтгэлээр уйгаржин монгол бичиг, дөрвөн аргын тоо, хятад сампин сурч 1920-иод оны эхээр хошуу тамгын газрын бичээч болсон ба 1923 онд Улиастай дахь Да сайдын бага сургууль, 1926 онд Сангийн Яамны дэргэдэх Гаалийн сургуульд тус тус суралцан төгсчээ. Ардын засгийн үед аймаг, хошууны нам, эвлэлийн үүрийн тэргүүлэгч, хошуу тамгын бичээчээр ажиллаж байв. 1928 оноос МАХН-ын гишүүнд элсэж Завхан аймгийн захиргаанд хэлтсийн дарга, туслах, орлогч дарга, 1933-1936 онд Завхан аймгийн дарга, 1936 оноос Монгол Улсын Мал аж ахуй, газар тариалангийн болон Аж үйлдвэр, барилгын яамны дэд сайдаар ажиллаж байгаад 1941 онд хилсээр хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Б.Батжаргалыг БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэнийг цагаатгажээ. Суллагдсаныхаа дараа Нөмрөг сумандаа ирж хар бор ажил эрхэлж орон нутгаа хөгжүүлэх үйлсэд насан эцэстлээ зүтгэсэн. Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж Аж үйлдвэрийн гавъяаны одон, Засгийн газрын алтан үсгийн үнэмлэх, ангийн буугаар шагнаж байжээ. Б.Батжаргал мөн 1934 онд БНМАУ-ын VII Их Хурлаас Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан. Б.Батжаргалын амьдрал тэмцлийн тухай түүний хүү зохиолч Б.Жамбалдоржийн бичсэн “Сүүдэр арилах болоогүй ”, “Гэрэл сүүдэр” зэрэг зохиолууд, “Шинэ үсгийн багш” кинонд тодорхой өгүүлсэн байдаг.