ЗАВХАНЫ "ЗААЗУУР" ДАМДИН ДАРГА

1918 онд Завхан аймгийн Идэр суманд малчин ард Дашдоржийн гэр бүлд төрсөн. 1938-1943 онд Монголын баруун хязгаарт таван жил цэргийн алба хаахдаа Гоминданы цэрэг, Оспаны дээрэмчдийн эсрэг явуулсан зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцсон хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин хүн. Цэргээс халагдаж ирээд Мал аж ахуйн яаманд Боловсон хүчний хэлтсийн дарга хийж байгаад 1954-1956 онд Намын дээд сургуульд суралцаж төгссөн. 1957-1960 онд Булган, Төв аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1960-1973 онд Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймгийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, Завхан аймгийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллан бүхий л амьдралаа Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан эрхэм нэгэн. Д.Дамдин дарга 1940 онд МАХН-д элсэж нам, төрийн байгууллагад тавиад жил ажиллахдаа МАХН-ын 14, 15, 16, 17 дугаар их хурлуудад төлөөлөгчөөр оролцож МАХН-ын Төв Хорооны гишүүнээр 3 удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат /одоогийн УИХ-ын гишүүн/-аар 5 удаа сонгогдож байв. Тэрээр өөрийн төрж өссөн нутаг Завхан аймгийн хөгжил дэвшлийн төлөө 14 жил ажиллахдаа Завханы “заазуур” Дамдин гэсэн нэр хүртэж байсан нь түүний зангарагтай, шаардлага хариуцлага өндөртэй шилдэг боловсон хүчний шинж чанартай нь холбоотой юм. Д.Дамдин дарга Завхан аймгийг 1968 оны зуднаас хойш 5 жил дараалан улсын тэргүүн байранд оруулснаар 1973 онд Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж манай аймгийг Монгол Улсын Анхны одонтой аймаг болгосон түүхтэй. Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байхдаа Атар газар эзэмших, Дархан хотыг босгох зэрэг үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж явсан нэгэн билээ. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд оруулсан түүний хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь Монгол Улсын төр өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон ойн медалиудаар тус тус шагнаж байжээ. Д.Дамдин дарга 99 насалсан.