ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЯМААЧИН ТОЙМЫН ЖАМЦ

1913 онд Завхан аймгийн Сонгино сумын нутагт төрсөн. Жамц нь Дөрвөлжин сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн ямаачин байхдаа 1971-06-03нд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Жамц нь 1957 оноос нэгдлийн ямаан сүрэг маллаж, 1961 онд 500 ямаагаа түмд хүргэх үүрэг авч ажиллан жил бүр 550-660 ишиг бойжуулж, нэгжээс 270-378 грамм нэгдүгээр зэргийн ноолуур, 270-380 грамм хялгас авч, дунджаар 18-25 литр сүү сааж намрын жинлэлтээр дунджаар 43-58 кг тарга хүчтэй болгож, амласнаа биелүүлж хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Үүний дотор IV таван жилд 4849 эм ямаа төллүүлж 5071 ишиг бойжуулж, нэгжээс 317,5 грамм, нийтдээ 1546,7 кг ноолуур авч, нэгжээс 19,6 литр, бүгд 56096,8 литр сүү сааж, нэгдэлдээ 102512 төгрөгийн орлого оруулсан байна. Тулман хөхт, Буурал ямааны омгийг бий болгоход олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан манай улсын анхны ямаачин хөдөлмөрийн баатар. Жамц баатар нь Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан.