МОНГОЛ ТӨРИЙН АЛДАРТ УРТЫН ДУУЧ ЗАСАГТ ХАНЫ ГЭЛЭНХҮҮГИЙН ПОВРОН

1894 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Цагаан тохой гэдэг газар малчин ард Гэлэнхүүгийн ууган хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа дуу сурахыг эрхэмлэн үзэж, нутгийн сайн сайн дуучдаар дуу заалгаж ардын дуу, уртын дуу олныг мэддэг болсноор тэр үеийн дөрвөн аймаг чуулахад түүнд уригдан дуулдаг байжээ. Тухайлбал, “Дуртмал”, “Дуртмал сайхан”, “Зээ Дуртмал” гэх нэрүүдээр газар газар янз бүрээр дуулагддаг байсан дууг Засагт ханы алдарт дуучин Гэлэнхүүгийн Поврон 1920-иод оны үед Хүрээнд мал тууварлаж ирэхдээ жинхэнэ ёсоор нь дуулж Монгол төрийн есөн айзам уртын дуунд багтсан "Дуртмал сайхан" нэрээр нийслэлд дэлгэрүүлж хойч үедээ үлдээж өгчээ. Зарим эх сурвалжид Төрийн дууч Думаа нэрээр дурдагддаг Г.Повроныг дэргэд нь чагнахад зөөлөн хонгор дуу сонсогдож байдаг бол холоос сонсох тусам улам тодорч байдаг холын дуутай хүн байсан, хоёр саахалтаас дуулж байх нь яг л дэргэд дуулж байх шиг сонсогддог, нутагтаа Өлийн булангаас хагас өртөө шахам /15 км/ зайд орших Хар үзүүр хүрч явсан тэмээг тоорлоход тэмээ тэр дороо ханаран эргэж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр “Их хуур магнай”, “Өндөр сайхан бор”, “Дуртмал сайхан”, “Гайхамшигт”, “Хангайн буурал морь”, “Хошуу цагаан нутаг” зэрэг олон дууг бүрэн түрлэгээр нь дуулдаг байсны дээр хувьсгалын эхэн үед нийслэл хотноо уригдан ирж УГЖ Дорждагва, алдарт дуучин Пунцаг, Дамчаа, Гончиг нарт “Дуртмал сайхан хүрэнгийн жороо” гэдэг дуу зааж өгсөн нь одоо хүртэл манай уртын дуучид өвлөн дуулсаар байна /зураг дээр 1920-иод оны Засагт ханы хөх эрчүүд/.