“ВАНСЭМБЭРҮҮ 2020” СОЁРХОЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн шинэ жилийн “Вансэмбэрүү 2020” соёрхол гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрөв. Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс сумдын Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд 24 сумын төлөөлөл болсон 320 гаруй зочид оролцлоо.

Тусгаар Монгол улс, төрж өссөн Завхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, эх орны бүтээн байгуулалт, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүхий л салбарт ажил хөдөлмөр амжилт бүтээлээрээ тэргүүлсэн сайчууддаа Завханчууд хүндэтгэл үзүүлсэн байна.

Циркийн урлагийн хөгжилд онцгой гавъяа байгуулж, эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай Циркийн жүжигчин Б.Норовсамбууг Завханчуудын ”ОНЦЛОХ ХҮН “-ээр өргөмжлөн Соёрхол хүртээж 5,000,000 төгрөгөөр, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадмын нэгэн бахархал болсон уяачийн их эрдэмд шамдан суралцаж төрийн их баяр наадмын түүхэнд онцгой амжилт гаргасан МУ-ын Тод манлай уяач Т.Галбадрахыг 2019 оны “ОНЦЛОХ ХҮН”- ээр тодруулсан байна.

Нам, төрийн өндөр албыг 50 гаруй жил нэр төртэй гүйцэтгэн, нийгэм улс төрийн шинэтгэлд үнэтэй хувь нэмэр оруулсан 2019 онд мэндэлсний 90 насны ой нь тохиож байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат, Монгол улсаа сонгодог урлагаар дамжуулан дэлхийд таниулж, олон авьяаслаг дуурийн дуучин шавь төрүүлсэн О.Ичинхорлоогийн эрдмийн үйлсэд 40 жил, их урлагт 60 жил ажилласан бахдам гавьяаг үнэлэн “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнажээ.

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дээд шагнал болох “Вансэмбэрүү” соёрхлоор эх орныхоо бүтээн байгуулалтын талбарт амжилт гаргахын зэрэгцээ Завхан нутгийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөөх үйл хэрэгт сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлсэн “ЭЛ БИ СИ” ХХК-ний захирал Я.Дашдорж, Япон улсад барилгын болон зам гүүрийн инженерийн Тэргүүн зэрэг авсан анхны Монгол хүн- Н.Баянмөнх, Сагсан бөмбөгийн спортоор амжилттай хичээллэн олон улс, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа С. Тулга дасгалжуулагчтай Г.Цэнгүүнбаяр, Л.Авирмэд, А.Гансүх нарын сагсан бөмбөгчдөд олголоо.

“ОТГОНТЭНГЭР” ӨРГӨМЖЛӨЛӨӨР

1. Түдэвтэй сумын уугуул академич Б.Авид

2. Эрдэнэхайрхан сумын уугуул академич Р.Шагдарсүрэн

3. Сонгино сумын уугуул Монгол Улсын Гавъяат багш Н.Цэрэндолгор

4. Алдархаан сумын уугуул Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Пүрэвдорж

5. Алдархаан сумын уугуул Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Ю.Дэлгэрнасан

6. Отгон сумын уугуул Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн

7. Нөмрөг сумын уугуул Монгол Улсын Үйлчилгээний гавъяат ажилтан П.Гансүх

8. Баянтэс сумын уугуул Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Чинбат

9. Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын Үйлчилгээний гавъяат ажилтан У.Эрдэнэтуяа

10. Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ш.Лхүндэв

11. Сонгино сумын уугуул Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат ажилтан Г.Эрдэнэбаатар

12. Нөмрөг сумын уугуул Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Пүрэвдаш

13. Улиастай сумын уугуул Монгол Улсын Гавъяат агрономич Г.Цэрэн

14. Баянтэс сумын уугуул Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Дамдинжав

Мөн 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээр шалгарсан Б.Түвшин даргатай Баянхайрхан сумын Нутгийн зөвлөл, О.Мөнхсүлд даргатай Сонгино сумын Нутгийн зөвлөл, Г.Билэг-Өрнөх даргатай Шилүүстэй сумын Нутгийн зөвлөлийг тус бүр Өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнажээ.

Ёслол хүндэтгэлийн цэнгүүнд Харанга, Өргөө, Нюанс, Хар Сарнай хамтлаг, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, БЦДБЧ-ын Үлээвэр найрал хөгжимчид, МУГЖ С.Батсүх, Н.Чулуунхүү, У.Далантай, Х.Оюунцэцэг, С.Ганзориг, Ш.Уянга, Д.Ука нарын дуучид ая дуугаа өргөсөн нь олны талархлыг хүлээсэн байна.