”ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН

Завхан аймаг, бүс нутгийнхаа онцлог, нөөц боломж, давуу тал эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг  байгуулж  шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь сумдын Нутгийн зөвлөлийн төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд  Завхан түншлэл-2019’ бизнес аялалыг амжилттай зохион байгууллаа.

Аялалын үеэр Өмнөд хөршийн жижиг дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж байгаатай танилцаж, туршлага судалснаас гадна бизнес уулзалтуудад оролцож үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.

Энэхүү бизнес аялал нь Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагболох зорилтоо амжилттай хэрэгжүүлэх, аймгийн нэгдсэн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулах томоохон бэлтгэл ажил болж, БНХАУ-ын Бээжин хотын Keen Ween international  болон Mechanical&electrical equipment компаниудтай худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан юм.Улмаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Завхан аймгийн ЗДТГ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагхөрөнгө оруулалтын чуулганыг амжилттай зохион байгуулав.Чуулганд 24 сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Засаг дарга, эрдэмтэн докторууд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд, гадаад дотоодын 350 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав нээж дараах илтгэлүүдийг хэлэлцсэн байна.

Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн үйлдвэрлэлийн чиг хандлага

СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа бизнесийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Доктор профессор Д.Батжаргал Эдийн засгийн тулхтай хөгжлийн загвар Завхан аймагт

Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч  Х.Ганбаатар Сумдын түвшинд нэмүү өртгийн сулжээг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжих нь

СЭЗИС-ийн ректор П.МөнхбаярЗавхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө” “Сумдын төслийг зээлийн батлан даалтын санд хамруулах нь зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнд сум бүр бүс нутгийнх нь онцлогт тохирсон 2-5 жижиг үйлдвэр,цех байгуулахаар шийдвэрлэж нийт 86 төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэжээ.

Хөрөнгө оруулалтын чуулган  сумандаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит боломжийг бүрдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн, шинэ ажлын байрууд бий болж, нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах олон чухал төслийг хэрэгжүүлэх гарц шийдлийг олсон үр өгөөжтэй арга хэмжээ болсон байна.